Monday – Friday 8:30 – 17:30
“Амьдралынхаа бүхий л хариуцлагаа нуруун дээрээ үүрж алхдаг”-гэж 48 настай О.Өлзийтогтох нуух зүйлгүйгээр хэллээ...
Хөдөлмөрч, хүчирхэг бизнес эрхлэгч эмэгтэй гэж албан ёсоор хэлэгдэх хүний нэг бол яахын аргагүй Одсүрэн овогтой Өлзийтогтох харилцагч маань билээ. Тэрээр нөхөр Я.Содномдаржаа болон 3 хүүхдийн хамтаар амьдардаг. Нөхөр Содномдаржаа нь хөгжлийн бэрхшээлтэй учраас хөдөлмөр эрхлэх боломжгүй. Түүний том хүү Буянбадрах ТИС -ийн 2-р курсийн оюутан, дунд хүү нь 16 настай, харин бага охин нь 10 настай сурагч.
2015 оноос эхлэн жижиг өрөө түрээслэн “Суут ухаантан” өдөр өнжүүлэх төвийг цөөхөн хүүхэдтэйгээр амжилттай ажиллуулж эхлүүлсэн. Бага багаар хүүхдүүд нэмэгдэж байсан боловч сарын орлого нь хангалтгүй байлаа. Сарын цэвэр ашиг нь 1 сая төгрөг. Хүүхдүүдийн сургалтын төлбөр, тэдний хэрэгцээ шаардлага, хоол хүнсэнд зарцуулахад үнэхээр хангалтгүй байлаа.
Тэгтэл асар их хямралын үе түүний өмнө ирсэн нь мэдээж 2020 онд хүн бүрийн хувьд хүндхэн байсан Ковид цар тахлын үе байсан. 1 жил 4 сарын хугацаанд хоосон түрээс, тог цахилгааны мөнгө төлөөд үйл ажиллагаагаа зогсоон 2023 оны 9 сараас дахин үргэлжлүүлсэн. Энэ хооронд түүнд гэр бүлээ тэжээхэд нэг төрлийн бизнес хийх нь үнэхээр хангалтгүй байлаа.
Хүүхэд байхаасаа ээжтэйгээ нийлж оёдол хийж эхэлсэн тэрээр оёдолд үнэхээр дуртай байсан учир нэмэлтээр оёдол хийж эхлэхээр шийдвэр гарган Монгол дээл хийж сурах хүсэлтэйгээр ээжийнхээ гар машиныг ашиглан дахин нэг шинэ бизнесээ эхлүүллээ. Ажлын орчин, хүссэн тоног төхөөрөмжүүд байхгүй байсан ч оёдол хийх чин хүсэлдээ хөтлөгдөн модоор барьсан бөөрөнхий гэртээ хичээнгүйлэн ажилласаар. Оёдлын бизнесээ өргөжүүлэхэд гол чухал шаардлагатай зүйл бол сайн оёдлын машин, тоног төхөөрөмж, чанартай материалууд худалдан авах санхүүгийн эх үүсвэр хэрэгтэй байсан юм. Тиймээс зээл авахаар банкнууд руу хандсан боловч барьцаалах үл хөдлөх хөрөнгө байхгүй, татварын дэвтэргүй гэхчлэн шаардлагууд өндөртэй байсан тул зээл авч чадаагүй байна.
Гэсэн хэдий ч шантралгүй боломжийг эрэн хайсаар ЕСБХБ-ны “Төв Азийн Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүд” хөтөлбөрийн хүрээнд манай ВишнФанд ББСБ-аас зохион байгуулсан Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан сургалт болох Бичил бизнесийн хөлөгт тоглоом болон бүтээгдэхүүний сургалтуудад хамрагдсан. Тэрээр “сургалтаар олон чухал зүйлийг сурч мэдэн, бас амттай хоолоор дайлуулсан шүү” гээд нүүр дүүрэн мишээсээр сэтгэгдлээсээ хуваалцсан юм.
Энэхүү сургалт, хөтөлбөрөөр дамжуулан ВишнФанд ББСБ байгууллагынхаа талаар мэдэж авсан бөгөөд тэр даруйдаа зээл авахаар хүсэлтээ өгтөл маш хурдан зээл гарсан. Зээл авах талаар онцгой мэдлэг, туршлагагүй тэрээр найрсаг гэгчийн харилцаж, мэдээллээр ханган, түргэн шуурхай зээл олгосон ВишнФанд ББСБ-ын ажилтнууд, зээлийн мэргэжилтэндээ маш их баярлаж байгаагаа тусгайлан илэрхийлсэн юм.
Өлзийтогтох харилцагч маань Цагаан сараас өмнө амжиж зээлээ аваад 2 сая төгрөгийн зээлээ 5 сая болгож чадсан гээд боддоо. Чухал хэрэгсэл болох хэрээсний машин, оёдлын машин, торго, хөнжлийн бэлдэц, дотор даавуу, бүс материал аваад л завсар зайгүй оёдлоо урамтай нь аргагүй хийсэн гэсэн шүү.
Сургалтаар олж авсан мэдлэгээ хэрэгжүүлж, балансаа тэнцүүлж, хуримтлалаа ч хүртэл эхлүүлсэн. Мөн том хүүгийнхээ сургалтын төлбөр, дунд хүүгийнхээ хүсэл мөрөөдөл болсон волейболын дугуйлан, бага охиныхоо Англи хэлний сургалтын төлбөрт хүртэл хөрөнгө оруулаад амжсан байна. Урамтай, эрч хүчтэйгээр бизнесээ эрхлэн, нуруун дээр бүх ачаагаа чадварлаг авч яваа шаргуу хөдөлмөрч харилцагчаараа маш их бахархаж байна. Энэ чинь л ВишнФанд бидний “Хүүхэд бүрт тэдний бүрэн дүүрэн амьдралын төлөө” гэдэг зорилгын утга учир байгаа юм шүү.
Түүнтэй ярилцан суухад түүний хүсэл мөрөөдөл үнэхээр том цар хүрээтэй, алсыг харсан санагдсан. Өөрийн гэсэн оёдлын цехийг байгуулаад зогсохгүй үйлдвэрлэлээ дэлхийн түвшинд гаргах хүсэлтэйгээ дурдсан.
Тэрээр хэлэхдээ “Хүн өөрийн хүссэн дурласан зүйлээ л бизнес болгон хийх хэрэгтэй, тэгээд л түүндээ тууштай бөгөөд зоригтой байхад болно” .